Wednesday, October 6, 2010

Бат Хааны Европыг Байлдан Дагуулсан Түүх

Байдар хаан 1241 оны 3-р сарын 10-нд Висла мөрнийг Сандомирын ойролцоо гаталжээ. Хайдугийн түмтийг Ленчица, Краков хотын зүг илгээгээд, Байдар хан өөрөө Кёльц хүртэл довтолсон байна. Бага Польшийн нийслэл Краков орох замыг хаасан Владимеж воеводын захирсан Краковын цэрэг, Пакослав воеводын захирсан Сандомирын цэргийг Хайду хан 3-р сарын 18-нд Хмельниковийн дэргэд бут цохиод, Краковыг бүслэн хаажээ. Владимеж воевод энэ тулалдаанд алагдаж, Краков ба Сандомирын вэн «Ичимтгий» хочтой 4-р Болеслав өөрийн ээж. Орос вангийн ахайтан Гремиславна Ингдаровна, гэр бүлийн хамт нийслэлээ санд мэнд орхин, Мажарт дүрвэн гарсан байна.
Байдар хаан 1241 оны 3-р сарын 10-нд Висла мөрнийг Сандомирын ойролцоо гаталжээ. Хайдугийн түмтийг Ленчица, Краков хотын зүг илгээгээд, Байдар хан өөрөө Кёльц хүртэл довтолсон байна. Бага Польшийн нийслэл Краков орох замыг хаасан Владимеж воеводын захирсан Краковын цэрэг, Пакослав воеводын захирсан Сандомирын цэргийг Хайду хан 3-р сарын 18-нд Хмельниковийн дэргэд бут цохиод, Краковыг бүслэн хаажээ. Владимеж воевод энэ тулалдаанд алагдаж, Краков ба Сандомирын вэн «Ичимтгий» хочтой 4-р Болеслав өөрийн ээж. Орос вангийн ахайтан Гремиславна Ингдаровна, гэр бүлийн хамт нийслэлээ санд мэнд орхин, Мажарт дүрвэн гарсан байна.

Өнөөдөр Польшийн Радиогийн 1-р буюу төв сувгаар яг үд дунд бүрээн дуу эгшиглээд, хэсэг хугацаанд нам гүм болсноо дахин цуурайтдаг. Энэ нь тэртээх 1241 оны үйл явдалтай холбоотой. Монголчууд айсуйг үе дундын үед харсан Краковын харуул хотынхныгоо сэрэмжлүүлэхээр бүрээгээ үлээсэн байна. Бүрээчийн хоолойг тэр даруйд монгол цэрэг нэвт харважээ. Түүний ойролцоо байсан өөр бүрээч газар унасан хөгжмийн зэмсгийг аваад, дахин үлээсэн байна. Краковчууд аюул нүүрлэснийг ойлгож, хотоо хамгаалахаар босжээ. Өнөөдөр Краков хотод очсон жуулчин болгонд бүрээчийн алагдсан Ариун Мариягийн цайзыг үзүүлж, дээрх түүхийг хуучилдаг.
Краковчууд монголчуудтай 10 өдөр, 10 шөнө тулалдсан ч хотоо авч гарч чадсангүй. 3-р сарын 28-нд монголчууд хотод нэвтэрч, эвдэн сүйтгээд, ард иргэдийг нь олзолсон байна. Амьд үлдсэн хотын цөөн хамгаалагч Ариун Андрейн дуганад хоргодсон бөгөөд түрэмгийлэгчид түүнийг нурааж чадаагүй ажээ. Польшийн ард түмний баатарлаг эсэргүүцлийн дурсгал болсон энэхүү дуган одоо ч гэсэн тус хотод сүндэрлэж байна. 4-р сарын 2-нд Байдар, Хайду нарын нэгдсэн цэрэг Силезийн нийслэл Вроцлав (Бреслау)-ыг эзлэн авч, нутаг дэвсгэрийг нь түймэрдэн шатаажээ. Асар богино хугацаанд Бага Польш бут цохигдсон нь гэгээн цагаан өлөр аянга ниргэхтэй адил болов. Польшийн ард түмэн эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө нэгэн зэрэг босов. Ганц нэгээрээ босоод юунд ч хүрэхгүйг хүн бүр ойлгож байлаа. «Бага Польшийг түрэмгийлж бусниулсан нь тус улсын бусад газар нутагт ч түгшүүр дэгдээжээ. Генрих ван эх нутгаа хамгаалахыг Шленскийн (Силезийн) оршин суугчдаас уриалсны дараа Вроцлав руу зүг зүгээс Польшийн рйцариуд цуварч эхлэв. Бага Польш болон Их Польшийн өмнөд хэсгийн дайчид Краковын воеводын ах Сулиславын удридлага дор цугларч байлаа. Дээд Шленскийн (Силезийн) цэргийг Опполегийн Мечислав толгойлов. Генрих өөрөө Доод Сизелийн цэргийг захирав». Чехийн ван «Ганц нүдэт» хочтой 1-р Вацлав гар хумхин суусангүй дайнд эрчимтэй бэлтгэж байлаа. Хүч хавсрахыг санал болгосон Генрихийн хүсэлтйг тэрээр тун уриалгахан хүлээн авч, удалгүй 4 түмэн явган цэрэг, 6 мянган морин цэргийн хамт нийслэл Прага хотоо орхин, түүнтэй нэгдэхээр Силези руу хөдөлжээ. Нөхцөл байдал ингэж эргэсэнд Байдар, Хайду нар түмт, мянгатын дарга нарыг хуралдуулж, дайсны хүчийг нэгтгэлгүй өрсөж цохихоор шийдэж, Вроцлавын бүслэлтэ зогсоож, Генрихийн арми руу хөдөлсөн байна. Цаг хугацаатай уралдалгүй бол болохоо байгаад байлаа. Чехүүд хэдхэн өдрийн зайд ирээд байгааг туршуулууд мэдээлж байв. Гэхдээ хамгийн гол нь Генрихийн Вацлав руу ухруулалгүй тулалдаанд оруулах нь чухал байлаа. Гэвч Генрих өөрийн хүчинд эрдэж, Вацлавыг хүлээлгүй монголчуудтай зэвсэг зөрүүлэхээр зориг шулууджээ. Магадгүй, тэрээр өөрөөс нь цөөн цэрэгтэй дайснаа дарна гэдэгт итгэж, монголчуудыг ялсан баатрын алдрыг Вацлавтай хуваалцахыг хүсээгүй ч байж болно. Цэрэглэн мордохын өмнө Дарь эх Мариягийн сүмийн дээврээс унасан чулуу Генрих ванг золтой л цохиж алсангүй. Генрих энэ хачин тохиолдлыг муу ёрын шинж хэмээн сэжиглэсэн ч замд гарчээ. Одоогийн Герман-Польшийн хилээс холгүй орших Легниц (Лигниц)-ийн дэргэд Генрих ван 1241оны 4-р сарын 9-нд байдар хааны цэргийг тосон тулалдсан аж. Европчууд нийтдээ 60 орчим мянган цэрэгтэй байсан нь Байдар, Хайду нарын түмтүүдээс хүн, хүчний хувьд 2 дахин илүү байв. Генрих цэргээ 5 зам болгон хуваажээ. 1-р замын цэргийг Моравын маркграф Дипольдын хүү Бореславаар (Польшийн вантай андуурч болохгүй) удирдуулсан Германы уурхайчид бүрдүүлж байв. 2-р замын болох Их Польш, Краковын цэргийг Сулислав, 3-р замын болох Дээд Силези, Опполегийн цэргийг Мечислав, 4-р замын цэргийг их магистр Понсе д’Обон, 5-р замын боло Доод Силези, Польшийн цэргийг Генрих ван өөрөө толгойлсон байна. Монголчуд хот, суурин газрыг эзлэн авахдаа гарамгай гэж сонссон Генрих ван тал газар тулалдаад үзэхээр шийдсэн байж болох тухай судлаачид өгүүлсэн байдаг. Юутай ч тэрээр хүн, хүчний хувьд хавьгүй илүү байсан бөгөөд франц, герман, польш рыцариудаас бүрдсэн хүнд морин цэрэг нь монголчуудын хөнгөн морин цэргийг хонь мэт тууна гэж найдаж байв. Шууд гардан тулалдаанд орох нь маш аюултай болохыг ойлгосон Байдар хаан бяцхан заль зохиожээ. Тэрээр дайсан нүүхийг хүлээлгүй өөрөө эхэлж цагаанаар нүүв. Монголчууд хулс шатаан утаан хөшиг тавьж, байрлалаа эзэлсэн байна. Генрих ван болон түүний жанжнууд монгол цэргийн байрлалыг утаан дундаас мэдэж, тандаж чадсангүй. Гэсэн ч Генрих ван давших тушаал өгчээ. Дайсны ойртож ирэхэд монгол эрхий мэргэн харваачид тэднийг суман бороогоор угтав. Монголчуудын тавьсан бараг сум болгон байндаа тусч байлаа. Холбоотнууд хариу барьсан боловч тэдний харвасан сум ихэнхдээ байгаа онохгүй газардаж байв. Монгол харваачид сумаа нэг тавьчихаад утаан дунд орж хэсэн замхраад, дахин гарч ирээд харваж байлаа. Салхинд туугдан утаан хөшиг нээгдэхэд европчууд гайхалтай дүр зургийг олж харав. Тэдний өмнө бүхэл бүтэн арми биш, цөөн хэдэн цэрэг жагсаж байв. Гэвч энэ бол хуурмаг үзэгдэл байлаа. Монголчууд тунчиг жигд эгнээгээр жагссан учир зөвхөн эхний эгнээний цэрэг харагдсан нь энэ байжээ. Европчууд урьд өмнө нь хэзээ ч ийм жигд, нарийн цэргийн жагсаалыг харж байсангүй. Монголын хөнгөн морин цэргүүүд давшихдаа польшоор: «Амь амиа бодоорой! Зугатаарай!» гэж хашгирч байсан нь холбоотнуудыг балмагдуулсан аж. Учир нь гардан тулаан эхлээгүй байхад Монголын эрхий мэргэн харваачдын суманд өртөж, олон цэрэг шархадсан, алагдсан байлаа. Тиймээс байлдааны санаачлагыг гартаа авах зорилгоор генрих ван польш, герман рыцаруудад довтлох тушаал өгсөн байна. Рыцариудыг харахад үнэхээр сүрдмээр. Аанай л зарааны арьс нөмөрсөн асар том яст мэлхий мэт зэр зэвсгээ наранд гялалзуулсаар аажим аажмаар урагшлав. Төмөр дуулгаар битүү хучигдсан, Герман төдийгүй, Европ даяар алдаршсан Германы Тевтоны бүлэглэнгийн рыцариуд анхандаа тактикийн амжилтанд хүрч, монголчуудыг шахаж эхэлжээ. Гэвч манёвр сайтай Монголын хөнгөн морин цэрэг зориуд зугатахад европчууд араас нь нэхэж, эгнээгээ задгай тавьсан аж. Чухам энэ үед тулалдаанд ороогүй байсан Хайду ханы түмт бөөрнөөс нь цохиж, рыцариудыг хиаруулжээ. Монголчуудын довтолгооны хамгийн эхэнд ван алагдсан нь холбоотнуудыг уймруулсан байна. Рыцариудын араас Генрихийн цэрэг ч мөн адил цохигдов. Г?енрих вангийн толгойг монголчууд жадны үзүүрт хатган, Бат хааны цэргийн эсрэг боссон хэнбугайг ч ийм тавилан хүлээж буйг сануулан Легницэд давхилдан иржээ. Гэчв хотын иргэд сэтгэлээр унаагүй бөгөөд монголчуудын довтолгооныг няцааж чадсан юм. тулалдааны дараа вангийн бэлэвсэн гэргий Анна эр нөхрөө загалмайтны ёсоор оршуулахаар цогцсыг нь хайгаад олоогүй байна. Учир нь монголчууд Генрихийн толгойг тастаад, тонон дээрэмдсэн учир олон арван мянган цогцосноос таних арга байсангүй. Тиймээс Анна зүүн хөлөндөө 6 хуруутай хүний цогцсыг хайхыг тушааж, гагцхүү ингэж л золгүй вангийн биеийг олж чаджээ. Энэ явдлаас хойш 600 жилийн дараа буюу 1832 онд археологчид Генрих вангийн гэгддэг булшийг нээхэд үнэхээр толгойгүй, зүүн хөлөндөө 6 хуруутай араг яс олдсон байв. Генрихийн цогцос олдсон газар хожим сүм барьсан бөгөөд өдгөө жуулчдын очих дуртай газрын нэг болжээ. Генрих ван алагдсан тухай өөр нэг хувилбар бий. Энэхүү хувилбараар бол: «Монголчууд Силезийн Генрихийг олзолж, тулалдааны үед амь үрэгдсэн монгол цэргийн жанжны өмнө сөгдүүлжээ. Үүний дараа ванг хороож, харин толгойг нь Бат хаанд илгээсэн байна». Юутай ч эр гнөхрөө загалмайтны ёсоор оршуулах гэж Анна ахайтан чамгүй зовжээ. Загалмайны үйл хэргийн төлөө амь насаа алдсан Генрихийг зовлон эдлэгч хэмээн зарлаж, «Үнэн сүсэгт» хэмээн хочлон өргөмжлөх болсон юм. тулалдааны орой монголчууд дайсны алагдсан цэргүүдийн баруун чихийг огтолж, 9 шуудай дүүргэжээ. Зарим эх сурвалжид дурдсанаар бол Легниц дахь тулалдаанд европчууд нийт 40 мянган цэргээ алдсан гэсэн бий. Зөвхөн Тамплиерийн бүлэг л 500 рыцарь алдсан нь маш их тоо байлаа. (Харьцуулж хэлэхэд 1242 оны Чудын нуурын мөсөн дээр болсон тулалдаанд Новгородын ван Александр Ливоны бүлгийн цэргийг бут цохиход 50 рыцарь алагдсан байна). Легниц дахь тулалдааны үеэр монголчууд байлдааны түүхэнд анх удаа хорт хийний нэг төрлийг ашигласан гэж судлаачид үздэг. Тулалдааны эхэнд талбар дээр гашуун утаа амтагдаж байсан талаар европчууд ярьсан тухай судар бичгүүдэд тэмдэглэсэн нь бий. Европчууд салхины өөдөөс харж байрлалаа эзэлсэн байдаг. Лууны толгойгоор чимсэн тусгай хоолойнуудын тусламжтайгаар монголчуудын цацсан утаа салхинд туугдан Генрих вангийн цэрэгт хүрч байв. Тэрхүү хоолойнуудыг европчууд анхандаа дохио өгдөг молцог байна гэж андуурсан аж. Он тооллын бичээч Ян Длугошийн тэмдэглэснээр тэдгээр молцгуудаас «гэнэт үүл мэт маш их хэмжээний өмхий үнэртэй утаа гарч, байлдааны талбайг битүү хучсан. [Холбоотны] цэргүүдийн толгой эргэж, байлдах чадвараа алдаж байлаа». Монголчуудын хэрэглэсэн утааг судар бичгүүдэд хэрхэн дүрсэлнийг эрдэмтэд судлаад, сэтгэл мэдрэлд нөлөөлж, тамирдуулах үйлчилгээтэй хийний нэг төрөл байжээ гэсэн дүгнэлтэд хүрсэн байдаг. Легниц дахь тулалдаанд Европтоо шилдэгт тооцогддог герман рыцарууд хиар цохиулсан нь Буурал Европыг монголчууд байлдан дагуулах бүрэн чадвартай, тэдэнд эсэргүүцэл үзүүлж, довтолгооныг нь зогсоож чадах хүч үгүй болохыг бэлхнээ харуулсан юм.
Хожим немц рйцариуд монголчуудыг хуурамчаар зугатсаныг цэрэг ёсонд нийцэхгүй үйлдэл хийхээс цээрлэдэг гэсэн яриа гаргасан юм. гэтэл Легниц дахь тулалдаанаас 1600 гаруй жилийн өмнө Эртний Грекийн дайчин улс Спартын хаан 2-р Агесилай: «Дайснаа хуурч мэхлэх нь шударга төдийгүй, таатай» гэж хэлсэн байдаг нь нэгийг өгүүлнэ. Генрих ванг алагдах үед Чехийн ван Вацлавын цэрэг Легнинээс ердөө нэг хоногийн зайд ирээд байв. Байдар хаан дайснаа шинэхэн хүчинтэй дахин тулалдахаас болгоомжилж, Бат хаантай нэгдэхээр Мажарын зүг хөдөлжээ. Явуут дундаа Броцлавыг авахыг оролдсон ч бүтэлгүйтсэн байна. Үүний дараа монголчууд Одмухов руу хөдөлж, Доод Силезид хэд хоноод, Рацибужд туслан очжээ. Томоохон хотуудыг авах зориулалттай оньсон зэвсэг байгаагүй учир Байдар хаан амжилтгүй довтолгооны дараа 4-р сарын 16-нд Бат хаантай нэгдэхээр Морави руу хөдөлжээ. Хүн ам цөөтэй, уулархаг Морави талын монголчуудад стратегийн ач холбогдолгүй байлаа. Монголын цэргийн зарим анги нэгтгэл Германы нутаг дэвсгэрт цөмрөн орж, Мейсен хот хүртэл давшиж, хил орчмын газар нутгийг түйвээв. Гарамгай ялалт байгуулсныхаа дараа монголчууд Герман руу биш, харин өмнө зүг рүү хөдөлсөн байна. Үүнийг тэд Вацлав вангийн цэргээс айсных гэж тайлбарлах нь бий. Тэгвэл энэ талаар Я.Халбай ийм тайлбар өгсөн байдаг. «/…/ Монголчууд Хятадад ч, Дундад Азид ч дайсны давуутай хүчнээс айж бэрхшээж айгаагүй. Түүнээс гадна шаардлагатай үед монголчууд Бат хаан болон бусад анги нэгтгэлээс тусламж авах бололцоотой байсан/…/ Монголчууд яагаад Герман руу давшилгүй өмнө зүг рүү хөдөлсөн бэ? Хариулт ойлгомжтой. Европын өмнөд нутгуудаас Герман илэрхий ядуу байв. Хэрэв тийм биш байсан бол Бат хаан цэргийнхээ гол хүчийг удирдаад, Мажарын дараа Германд заавал халдах байсан. Монголын тагнуул анги тухайн үед Герман хөгжлийн хувьд сул дорой байсныг мэдээлж байжээ. Тиймээс гол цохилт өгөх чиглэлийг тодорхойлж, Мажарын дараа Адриатын тэнгис рүү, цаашлаад Ром руу юуны түрэмгийлэхээр тогтсон байна. Бидний мэдэхээр, монголчууд юуны түрүүнд баян, хүчтэй бүс нутгуудыг эрхшээлдээ оруулж байсан. Үүний дараагаар ядуу дорой аймгууд өөрсдөө сайн дураараа бууж өгдөг байлаа. Их хэмжээний олз омог бол монголчуудын бүхий л аян дайны үндсэн хөдөлгүүр байсан юм. /…/ Тиймээс Монголын армийн маршрут 13-р зуунд ямар улс орон, ард түмэн баян чинээлэг, хөгжил дэвшилтэй байсныг нэн тод харуулна. Саой дахь тулалдаан (1241 оны 4-р сарын 11)
Монголчуудын заналт дайсан боловч Бела ван эх нутгаа хамгааларщх талаар дорвитой арга хэмжээ авч чадсан ч үгүй, амжсан ч үгүй. Карпатын нурууг хамгаалуулахаар Дионисий Томайгийн армийг 1241 оны 1-р сард илгээснээр өөр зүйл Бела хийсэнгүй. Монголчуудын довтолгооныг саатуулахын тулд мажарууд уулын хөтлүүдийг царс модоор овоолжээ. Гэвч энэ нь монголчуудын хувьд нарийхан сүрлээс өөрцгүй байв. Сүвэдэй жанжны тушаалаар тэдгээр царсыг шатааснаар асар их утаа гарсан нь мажаруудад аюулын дохио болжээ. Бат хаан удирдсан цэрэг Томайгийн харуул ангиудыг бэхлэлтээс элдэн хөөгөөд, 1241 оны 3-р сарын 12-нд байгалийн болох Карпатын хамгаалалтыг давж, Мункач, Унгварийн уулны хөтлөөр Мажарын тал газарт үер мэт урсан оржээ. Бат хаантай цуг Хадан, Бүри, Шейбан, Бүжэг, Орд нар өөрсдийн цэргийг хамт байв. Монгол цэргийн өөр нэгэн анги Мажарыг Болгараас таслах зорилготойгоор өмнө зүгээс, Галичина муж хавиас давшиж байлаа. Монголчуудын урдаа тууж явсан олон мянган олзлогдогсод битүү ойг сүхээр цавчин, морин цэрэг явах зам гаргаж байв. Бат хан замд таарсан хотуудыг байлдан эзэлсээр Мажарын төв рүү түрэн довтлов. Бела вант улсынхаа өнцөг булан бүр лүү цустай сэлэм барьсан элч довтолгож, нийслэлээ хамгаалахыг уриалсан ч ард түмэн нь хүлээн авсангүй. Ван язгууртнуудын хуралдаан чуулуулсан ч мөн л амжилтанд хүрээгүй байна. Мажарууд вангаа чадалгүй байж харь элэгтнийг хамгаалж, урагшгүй үйлдлээрээ түүгээр явсан гайг үүгээр даллаж авчирлаа хэмээн бухимдаж буйгаа ийн илэрхийлжээ. «Бела монголчуудыг авчирсан, одоо өөрөө учрыг нь олог» гэж мажарууд ил цагаан ярьж байлаа. Гэтэд Бела ван команчуудыг зүгээр нэг ивээлдээ аваагүй вм. Коман эхээс төрсөн тэрээр албат иргэдийнхээ дунд нэр хүнд багатай учир юуны түрүүнд өөрт нь үнэнч 40 мянган цэрэгтэй болохыг хүссэн нь арга ч үгүй. Нөгөөтэйгүүр, команчуудыг загалмайтны шашинд оруулснаар шинэ татвар төлөгчдийг бий болгож, Ромын пап ламын талархлыг хүлээжээ. Өөрөөр хэлбэл, Бела ван нэг сумаар хоёр туулай агнах гэсэн юм. тиймээс 1239 оны намар Бела вант улсынхаа хил дээр Котян хаан болон түүний албатуудыг ёслол төгөлдөр хүлээн авч, үржил шимтэй талд газар олгожээ. Гэвч мажар, команчуудын холбоо анхнаасаа уран нугарах тавилантай байв. Учир нь нүүдлийн ба суурин соёл иргэншил нэг гуудайнд багтах боломжгүй байлаа. Команчуудын тууж ирсэн тоо томшгүй олон толгой мал мажаруудын газар тариалан, аж ахуйд ихээхэн хохирол сүйрэл учруулж байв. Эцэстээ энэ нь ил зөрчил болон гаарчээ. Нэгэн судар бичигт: «/…/ Команчууд унгар тариачдын эхнэх охидыг хүчирхийлж байлаа.» гэж тэмдэглэгдсэн нь бий. Аюул нөмрөхөд Мажарыг феодалууд Белад шахалт үзүүлж, Котяныг харъяат иргэдийнх нь хамт Бат хаанд тушааж өгөхийг шаардах болов. Гэвч хэргийн учир Бела Котяныг бариад өгчих ямар ч боломжгүй байсанд оршино. Котяны ард зэвсэглэсэн 40 мянган дайчин байлаа. Түүнээс гадна Белагийн хүү Иштван Котяны охин Елизаветатай гэр бүл болоод амжсан байв. Аюул ойртох тусам айсандаа галзуурах шахсан Мажарын феодалууд Котян хааны амийг хороосон байна. Ингэснэрээ тэд тэмээн дээр ямааны гарз гаргаж, монголчуудтай олон жил тулалдаж, зохих мэдлэг, туршлага хуримтлуулсан хашир хүнийг үгүй хийжээ. Үүний дараа харин ямаан дээр тэмээний гарз болж, команчууд майхнаа хураагаад, замд тааралдсан бүхнийг сүйдлээд, Балканы хойг руу хөдөлсөн байна. Улмаар Бела ван төдийгүй, мажарууд туршлагатай жанжин, түүний шийдсэн 40 мянган цэргийг нэг дор алдаж, монголчуудын өмнө ганцаарджээ. Замдаа команчууд дайны хөлөөс дайжин хойд зүг рүү дүрвэж байсан олон мянган хүүхэд, эмэгтэйчүүдийг хүйс тэмтэрээд, Бела вантай нэгдэхээр явж байсан цэрэг эрсийг устгасан байна. Команчуудын гарт олон арван суурин газар өртжээ. Бела ван хураасан бүх цэргийнхээ хамт Буда, Пешт хотуудад орж нуугдсан байна. Дунай мөрний 2 эрэгт сүндэрлэх эдгээр хот тухайн үеийн хэмжүүрээр сайтар бэхлэгдсэн, удаан хугацааны бүслэлтийг дааж чадахуйц хэрэм байлаа. Монголчууд асар хурдтай давшиж, 1241 оны 3-р сарын 15 гэхэд Буда, Пешэтд тулан очжээ. Хотоос гарч тулалдахыг Бела ван хатуу хориглосон ч Колочийн их хамба Уголин 3-р сарын 16-нд өөрийн цэргийн хамт гаоч тулалдаад, отолтонд орж, бүрэн ялагдсан байна. Тэрээр 3, 4хөн цэргийн хамт л эргэж иржээ. Ихэр хотын өмнө майхнаа шааснаар Бат хаан байлдааны ажиллагаагаа хязгаарласангүй. Монголчуудын жижии жижиг анги салбарууд хотын орчин тойрныг түймэрдэж, Ерлау, Кевешд хотхонуудыг байлдан эзэлсэн байна. Энэ үеэр Бела ван өөрт нь туслахаар ирсэн Австрийн герцог Фридрих Бабенбергтэй маргасан байна. Бела Фридрихийг өөрт нь үг дуугүй захирагдаж байхыг шаардсанд цаадах нь эгдүүцэж, цэргийнхээ хамт нутаг буцжээ. Голын 2 эрэг дээрх том хотыг бүслэн хаахад ихээхэн хүндрэлтэй байв. Тиймээс Бат хаан хэд хоног саатсаны дараа шалгарсан арга мэхээ хэрэглэжээ. Монголчууд амжилтгүй дайралтынхаа дара ум хумгүй ухрахад Бела ван хууртаж, бүхийл цэргийнхээ хамт араас нь нэхсэн байна. Монголчууд Тииса мөрөнд цутгадаг Сайо (Шайо) гол хүртэл 6 өдрийн турш «зугтжээ». Сайогийн эрэг дээрх Моха тосгоны ойролцоо Бела ван Чехийн таборитуудын адил тэрэг холбон бэхлэлт хийж, мянган цэргээр сахиулан буудалласан байна. Энэ гүүрээс өөр газраар монголчууд гол гаталж чадахгүй гэж Бела үзэж байв. Тэднийг Бат хаан хараад сэтгэл ханасан янзтай: «Эд нар миний гараас мултрахгүй. Хотонд байгаа хонь шиг нэг газар бөөгнөрчихжээ!» хэмээн уулга алдсан гэдэг. Монголын армийн гарамгай ялалт болж түүхэнд үлдсэн энэхүү тулалдааныг цэргийн түүх судлаач, дэслэгч генерал Ш.Жадамбын редакторлаж хэвлэлд бэлтгэсэн, Монголын байлдан дагуулалд шинэлэг байр сууринаас хандаж, объектив үнэлгээ өгсөн «Монгол цэргийн түүхийн товчоон» суурь бүтээлд тодорхой дүрсэлсэн байдаг. 4-р сарын 9-ний шөнө дөлөөр Бат хаан цэргээ хоёр хуваан, нэг хэсгээр нь мажаруудыг өөртөө татан байлдуулж, нөгөө хэсгийг нь гол гатлуулж дайсны ар талаас цохиулжээ. Энэ өдрийн тулалдаан монголчуудад ялалт авчирсангүй. Цэргүүддээ үлгэр дууриал үзүүлж, зоригжуулахын тулд Бат хаан өөрөө гардан тулалдаанд оржээ. Гэхдээ хүн, хзчээр хавьгүй илүү дайсныг ялахад монголчуудад амар байсангүй. Ялангуяа цэргээ хоёр хувааснаар монголчууд дайснаасаа үлэмж дутуу байв. Дээр нь цэргийн нөгөө анги гол гаталж чадалгүй саатжээ. Орой нь Бат хаан цэргийн дарга нарыг хуралдуулж, нэгэнт голыг гатлах боломжгүй учир шийдвэрлэх тулалдаанд орохоос зайлсхийхийг санал болгосон ч Сүвэдэй баатар эрс татгалзаж: «Хаан эзэн минь. Таныг хүчээр тулалдах эрхийг та ч хорих ёсгүй» гэжээ. Цэргийн жанжнууд ч Сүвэдэй баатрыг дэмжив. Энэ тухай түүхч Ж.Мэн: «Сүвэдэй бол яах аргагүй 13-р зууны үеийн хамгийн суут жанжин байсан юм. Түүний энэхүү суу билгийн тал нь ялна гэдэгт өчүүхэн ч эргэлзээ үлдээгүй тохиолдолд л тулалдаанд ордгоор илэрдэг» хэмээн тэмдэглэсэн байдаг. 4-р сарын 10-ны турш монголчууд гол гатлах бэлтгэлээ базаав. Оньсон зэвсгийн тусламжтайгаар дайсны халхавчийг голын эргээс хөөх хоорондуур инженерийн ангийнхан гүүр тавьжээ. 1241 оны 4-р сарын 11-нд үүрээр Монголын их цэрэг голыг гатлан довтлоход Бела вангийн харуул анги үндсэн хүч нь байрласан газар давхин ирж, энэ тухай мэдээлсэн байна. Гэвч монголчууд удалгүй араас нь нэхэж ирэв. Эрхий мэргэн харваачид суман бороогоор ургах нарыг халхалж, үй олон сум шаагих чимэээнээр 4-р Бела вангийн 65 мянган цэрэг сэржээ. Сайо голын хөвөөн дээр болсон ширүүн тулалдаанд Монголын их цэрэг Мажар-Хорватын нэгдсэн армийг бут ниргэв. Сить гол дээр Оросуудыг ялсан шиг монголчууд чадварлаг гүйцэтгэсэн манёврын үр дүнд даснаа бүсэлсэн байна. Нэгэнт занганд орсон мажарууд ухрах замгүйгээ ойлгон тун ч ширүүн тулалдаж байлаа. Тиймээс Сүвэдэй баатрын тушаалаар Монголчууд өөрсдийн эгнээнд цөмөрхий гаргахад амь зулбан зугтах нүх гарлаа гэж хөөрсөн дайсан бэхлэлтээ орхин тийш тэмүүлжээ. Живж буй хүн дэрснээс хүртэл шүүрдэг гэдэг дээ. Гэвч монголчууд тэднийг бэхлэлтээ орхин гарах хүртэл харзнаж байгаад сүүлчийн дайсан зугатсаны дараа араас нь нэхэн хөөжээ. Пешт рүү ухарсан мажаруудыг монгол морин цэрэг дор нь гүйцэж, цавчин алж байлаа. Энэ тулалдаанд европчууд байлдааны зорилгооо дарь хэрэглэхдээ анх удаа танилцжээ. Монголчуудын хэрэглэсэн тэсрэх бодис хэдийгээр дайсанд сүртэй гарз хохирол учруулж чадаагүй ч морь малыг нь үргээж багагүй сандаргасан байна. Холбоотнуудын 65 мянган цэргээс 56 мянга нь буюу 86 хувь нь Сайо голын хөвөөнд ясаа тавьжээ. Бела ван Далмаци руу зугатаж, Хорватын герцог, дүү Кальман нь шархдаж, шархны халуунаас нас барсан байна. Түүнчлэн сүм хийдийн томоохон мяндагтнууд болох Эстергомын их хамба Матиас, Колочийн их хамба Яков нар ухрам замд цөм алагджээ. Хамгийн гайхалтай нь ердөө хоёрхон өдрийн дотор Европын 2 том улс болох Мажар, Польш нь Бат хааны дайсны жагсаалтаас гарсан байна. Үүнийг Ж.Мэн тохиолдлын хэрэг огтхон ч биш гэж үздэг. Монголын 2 арми 450 км (тэгэхдээ үүний 200 км нь одоогийг Словакид байрласан цасан хучлагатай Татры уул)-ээр алслагдсан байсан ч хоорондоо байнгын холбоотой байж, аливаа үйл хөдөлгөөнөө харилцан зөвшилцөж байжээ. Сүвэдэй баатрын байгуулсан морин өртөө энэхүү орон зайг 36 цагийн дотор туулах чадвартай байв. Ширүүн тулалдааны дараа хэсэг амсхийгээд монголчууд Буда, Пешт хотуудад дахин тулан очив. Герцог Кальман нас барахынхаа өмнөхөн хотын иргэдэд тэмцлээс зайлсхийж, үг дуугүй бууж өгөхийг зөвлөжээ. Гэвч ард түмэн тэмцэхээр шийдсэн байна. Хотын төлөөх тулалдаан 3 хоног үргэлжилж, 4-р сарын 29-30-нд монголчуудын ялалтаар өндөрлөжээ. Түрэмгийлэгчид бүхий л уур, бухимдлаа амьд үлдсэн хотынхонд гаргасан аж. Улаан өнгөтэй болсон Сайо голын хөвөөнөөс Бела ван морины хурдаар зугатаж, Польшийг хилийг зүглэв. Харамсалтай нь тэрээр Генрихийн хурмтлуулсан их армиас нэр нь л үлдсэн болохыг яаж мэдэх билээ. Гэвч монголын морин цэргийн анги сүүл мушгин хөөж, ер хоцрохгүй байлаа. Мөрөө буруулахын тулд Бела ван Комор мужаас баруун зүг руу эргэж, Нитрагаар дамжин, улсынхаа баруун хязгаарын томоохон хлт болох Братислав (одоогийн Словаки) руу хөдөлжээ. Тэндээсээ моголчуудад гэхээсээ илүүтэй айдасдаа туугдсан Бела ван Австрийг зорьсон байна. Учир нь Монголчуудыг ирэхээс өмнө тэрээр гэр бүлээ Австрийн хил рүү амжиж гаргасан байв. Уйтгар гунигтаа дарагдсан ванг Фридрих Бабенберг өөрийн биеер угтсан байна. Ганцхан сарын дотор эцэш өвгөдийнхөө газар шороог алдаж, цагаач болсон ванг харсан хэний ч зүрх шимширмээр. Харин Фридрих л өрөвдөх сэтгэл төрсөнгүй. Бела ямар хөөрхийлөлтэй байдалд орсныг ойлгонгуут тэрээр хандлагаа эрс өөрчилж, аль 1235 онд Мажарын талийгаач ван 2-р Андрашийг Австрийн нийслэл Венагийн өмнө ирэхэд төлбөр төлснөө «санаж»ь түүнийг нь эргүүлж олгохыш тулган шаарджээ. Мэдээж, амь зулбан зугатах мориноос өөр юмгүй болчихоод байсан Бела арга буюу Мозон (Визельбург), Шопрон (Эдельбург), Лочманд (Лутцманнбург) гэдэг баруун 3 мужаа тэрхүү төлбөрийн оронд Фридрихд өгчээ. Фридрихийн саварнаас мултрангуут Бела гэргийгээ аваад, Сегед рүү хөдөлсөн байна. Үүний зэрэгцээ тэрээр Вайцений хамбыг Ромын пап лам, Германы эзэн хаан руу илгээж, Австрийн герцог загалмайтны ёс зүйд харш авир гаргасныг «уламжилжээ». Амташсан хэрээ 13 гэгчээр Фридрихийн шунал улам гаарч, тэрээр Белаг явсны дараа Братислав, Рааб хотыг цэргийн хүчээр эзэлсэн байна. Гэвч удалгүй нутгийн иргэд бослого дэгдээж, Австрийн гарнизоныг устгажээ. Буда, Пештийг унасны дараахан Варадин, Арад, Перег, Темешвар, Дьюлафехервар зэрэг хот монголчуудын гарт орсон аж. Энэ дашрамд өгүүлэхэд, ялагдсан ард түмнээс уламжлагдан ирсэн домог, хууч яриа үнэхээр түүхэн баримт болж чадах уу? гэдэг асуултанд дараах зүйл тодорхой хариулт өгнө. Дээр дурдсан Варадин хотыг авахад Бат хаан өөрөө алагдсан гэж Мажарын нэгэн сурвалж бичигт өгүүлсэн нь бий. Үүнээс санаа авч, 14-р зууны дунд үед Оросод «Батый алагдсан тухай домгийг ямар нэг байдлаар санагдуулж байгаа биз?
Мажарыг байлдан дагуулаад монголчууд өөрсдийн засаг захиргааг байгуулж эхэлжээ. Энэ тухай Л.де Хартог: «Ямарваа нэгэн газрыг эзэлж авсныхаа дараа дадсан зуршлаараа монголчууд маш түргэн засгийн газрыг тэнд бүрэлдүүлэн бий болгосон бөгөөд энэ нь эхр ашгийн хувьд маш хязгаарлагдмал байдаг байсан ба гол зорилго нь зөвхөн армийг төвхнүүлэх байв. Хэдий тийм ч гэсэн хүмүүсийн амьдрал тодорхой хэмжээгээр нам тайван байдалдаа эргэн орж байжээ.» Түүхч М.Правдин олон тооны Мажар их сурвалжийг судалсны үндсэн дээр ийн бичжээ: «/…/ Монголчууд Унгар орныг эзлэн түйвээснийхээ дараа тэндхийн байдлыг тохинуулж суурьшиж эхэлжээ. Нутгийг захиргааг бий болгож, шүүгчид, захиргааны түшмэдүүдийг томилж, хотуудад монгол захирагчдыг суулгаж олзлогсодыг суллан тавихдаа монголчуудыг номхоноор хүлцэн дагах хэн ч болов айн эмээх юмгүйгээр /орон гэртээ –Ч.Ч/ буцаж ирж болно хэмээн зарлав. Ой хөвч, уул хаданд нуугдаж байсан дүрвэгсэд буцан ирж аажмаар нутаг орондоо төвхнөж тариачид газраа хагалж тариагаа тариад мал хунаргүй нэг нь яаж ийгээд аргаа олжээ. Учир нь монгол захирагчдад гоо унгар бүсгүйчүүд авчирч өгөөд нь хариуд нь хонь, үхэр, морь авах ажээ. Монголын зэс, мөнгөн зоос гүйлгээнд оров. Он дарааллыг түүхч бичихдээ “ийн энх амгалан тогтнож, арилжаа наймаа дэлгэрэв. Хүн бүр эрхээ эдлэх болов” хэмээжүхүй». Монголчуудын засаг захиргаанд байсан нэг жилийн хугацааг мажарууд «тартарьярас» хэмээн нэрлэж, (оросууд монголо-татарское иго гэдгийн адил), өөрсдийн түүхийн хамгийн хэцүү үеийн нэг гэж үздэг. Гэтэл Бат хаан мажарыг газрын хөрснөөс арчиж устгахыг ердөө ч зориогүй бөгөөд Мажар болон немц феодалуудыг хамтран ажиллахыг уриалж, харц ардйг хот тосгондоо эргэн ирэхийг ятгаж чаджээ. Мажарыг монголчууд байлдан эзэлсэн нь Баруун Европ даяар айдас хүйдэс төрүүлэв. Учир нь тэдний хувьд саяхан л алс хол мэт санагдаж байсан монголчуудын аюул бодитойгоор нүүрлэв. 350 жил оршин тогтносон Мажарын вант улс үгүй боллоо хэмээн Баварын түүхч тэмдэглэсэн байдаг. Мажар нутаг монголчуудын бүрэн мэдэлд нэгмөсөн шилжлээ хэмээн Европын ван, ноёд үзэж, эмгэнэн гашуудаж байв. Европын ард түмнүүдийн зоригийг мохоох, эсэргүүцэл үзүүлэх хүслийг нь дарах зорилгоор монголчууд айлган сүрдүүлэх бодлогоо хэрэгжүүлжээ. Сплитын Фома: «Татарын үй олон цэрэг Трансильванийг цөлмөн хоослоод мажаруудыг Дунай мөрний хавь орчмын нутгаас таягдан хөөгөөд тэндээ зун, өвлийг өнгөрөөхөөр тухлав. Дунайн нөгөө эрэг дээр аж төрж буй хүмүүсийг айлгахын тулд тэд голын эрэг дээр алагдсан хүмүүсийн цогцсоор олон олон овоо босгосон» гэж тэмдэглэн үлдээсэн байдаг. Ялагдсан Бела ван Сегед хотод удсангүй. Өөрт нь үнэнч үлдсэн цөөн тооны албата дагуулан тэрээр эхлээд Хорватын Загоеб хотод нуугдав. Тэр үед Далмацийн нэг хэсэг байсан Хорват Мажарын вант улсын бүрэлдэхүүнд ордог байв. Загребт тэрээр 10 сар болохдоо хамаг үйл ажиллагаагаа монголчуудад няцаалт өгөхөд чиглүүлж, Европын бараг бүх хаан, ван луу, тэр ч байтугай Ромын пап лам руу элч довтолгожээ. Магадгүй, Бела урьд нь хэзээ ч ийм завгүй байгаагүй байх. Бела тэдэнд бичсэн захидалдаа хүчээ нэгтгэж, монголчуудын эсрэг нэгэн зэрэг хөдлөхийг санал болгосон юм. Гэвч айж чичирсэн хаан, ван нар Белад ямар ч тусламж үзүүлсэнгүй. Гагцхүү Ромын пап лам Белад өөрийн ивээлээ хайрлаж, буруу нлмтнуудын эсрэг боссон хүн бүрийг нүглийг хэлтрүүлэхээ Есүс Христийн газар дээрхи биет төлөөлөгчийн хувиар амлажээ. Хамгийн жигтэй нь сүүдрээсээ өөр нөхөргүй шахам үлдсэн Бела л монголчуудтай нэгийгээ үзэх хүслээр буцалж байлаа. Харин алдах юмтай хаад, вангууд Белагийн шийдэмгий занг ерөөсөө ч ойлгохгүй байв. Арга ч үгүй биз. Монголчуудын эсрэг зэвсэглэн хөдөлсөн тохиолдолд өөрсдийг нь Генрихийн байг гэхэд Белагийн хувь тавилан хүлээж байна гэдгийг тэд хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байсан юм. Улмаар зэвсгээр бус үгээр байлддаг «хүйтэн дайн» дэгдэв. Белагийн захидлуудын хариуд Пап лам 9-р Григорий (1227-1241) 1241 онд, түүнийг тэнгэрт хальсны дараа 4-р Иннокентий (1243-1254) 1243 онд сүсэгтэн олныг монголчуудын эсрэг загалмайтны ариун дайнд босож, төрхөм рүү нь үтэр түргэн тонилгохыг уриалж, шанд нь хамаг нүгэл хилэнцийг нь өршөөхөө амлажээ. Белаг нэхэн хөөсөн Хадан хааны удирдсан монгол цэрэг 1241 оны Христосын мэндэлсэн Дунай мөрнийг мөсөн дээгүүр нь туулаад, Славони, Хорватыг маш богино хугацаанд эзлээд, Загребт ирэхэд ван аль хэдийн зугатаж амжсан байв. Монголчуудаас ямар ч өршөөл энэрэл горьдоод нэмэргүйг хэнээс ч илүү мэдэх Белаг дагалдах хүмүүсийн то өдрөөс өдөрт цөөрч байлаа. Удалгүй Хадах хаан Далмаци дахь Спалато хотоос 9-н км зайтай орших Клисса цайзыг бүслэн хаажээ. Клссид Белаг хоргодож байна гэж бодсон Хдан цайз руу чанга хашгирдаг хүнийг илгээж, тэр нь Хорватаар: «Өөр цусны ван хийгээд түүний хүмүүсийг хамгаалахгүй байхыг та бүхнээс ялагдашгүй их цэргийн жанжин, их хаан Бат уриалж байна. Ванг бидэнд тушаавал та бүхний гэмийг уучилж, амийг хэлтрүүлнх болно» гэж хашгирчээ. Гэвч Бела Клиссад байсангүй. Тэрээр хажууханд орших усаар хүрээлэгдсэн Трогир цайзад амь хоргодож байв. Чухамхүү Трогир цайзад Белагийн толгойд хамгийн зөв бодол оржээ. Хуурай газар дээр монголчууд амар тайван байлгахгүй нь гэж үзээд Бела ван дахин мөр буруулж, Адриатын тэнгис дэх эхлээд Кралевац, дараа нь Рабе гэдэг жижигхэн арал дээр нуугдсан байна. Загасчдын жижигхэн завин дээр далайн давалгаанд сэгсчүүлэн явахдаа Бела Мухаммед шахын тухай бодслн болов уу? Тэр хоорондуур Хадан хаан Клисса цайзыг байлдан эзэлж, Белагийн ул мөр олдоогүй тул нутгийн иргэдийг байцааж байв. Энэ үеэр далай дээо бэсрэг тулалдаан болсон тухай М.Правдин дурдсан байдаг. Монголчуудын хам хум цуглуулсан хэдэн хөлөг онгоц Бела вангийн онгоцуудыг сөнөөсөн байв. Хэдийгээр энэ нь жижигхэн тулаан байсан ч монголчуудын хувьд ялалт, тэгэх тэгэхдээ далай дээрх ялалт байсан юм. Чухам энэ үед Хаданыг Бат хааны элч олжээ. Хархорингоос гарсан элч үүний өмнөхөн Бат хааны өргөөнд ирж, Их монгол гүрний хан Өгөөдэй тэнгэрт хальсан тухай мэдээг уламжилсан байв. Энэ урт замыг элч морин өртөөний ачаар зургаан долоон хоногийг дотор туулсан аж. Азийн төвөөс Европын төв хүртэлх замыг ийм богино хугацаанд туулсан ч Өгөөдэй хаан нас барсан тухай мэдээ хагас жилийн дараа л Батын сонорт хүрсэн нь их гүрний нийслэлд маргаан дэгдэж, энэ мэдээг нууцлах эсэх талаар 6 сар мэтгэлцсэнтэй холбоотой. Их цэрэгтэйгээ нэгдэхээр буцах замдаа Хадан хан нэг ангийг өмнө зүг рүү далайн эргээр илгээсэн байна. Тэрхүү анги далайн эрэг дахь Сербийн Свач, Дриваст, мөн Рагуза (Дубровник), Катторо хотыг байлдан авч шатаагаад, Боснийн тал нутгийг түйвээгээд, Албани, Серби, Болгараар дамжин Албанийн Скадарид тулж очсон нь Европт монголчуудын хүрсэн хамгийн өмнөд цэг байв. Монголын морин цэргийн сургаар Балканий хойгийн ард түмэн гэр орон, эд хөрөнгөө орхин, өндөр уул, битүү ой руу зугатаж байлаа. Бела вангийн хойноос Хадан ханыг нэхүүлсэн нь зорилго, үр дүнгээрээ 1220 онд Хорезишах Мухаммедын араас Сүвэдэй, Зэв, Тохучар нарыг илгээснимйг санагдуулдаг. Монголчуудын хувьд дайснаа бүрэн дарж, цаашид үймээн самуун гаргуулахгүйн тулд хааныг нь устгах чухал үүрэгтэй байсан. Тиймээс 1220 онд Мухаммедыг, 1241 онд Белаг үгүй хийх нь байлдан дагуулал төгс амжилттай болоход чухал нөлөөтэй байв. Учир нь хаан нь амьд байхад улсыг нь байлдан дагуулна гэдэг ажлын тал юм. Хэрэв 1220 онд монгол цэргүүдэд хөөгдсөн пашидах Каспийг тэнгисийн нэгэн жижиг арал дээр нуугдсан бол 1241 онд Мажар ван Адриатын тэнгисийн арал дээр амь хоргоджээ. Ганц ялгаа нь гэвэл Мухаммед тэндээ нойтон хамуутай хүмүүсийн дунд ясаа тавьсан бол Бела монголчуудыг явсны дараа эх нутагтаа эргэж иржээ. Буцсан нь (1242)
1241 оны 4- сарын сүүлээр монголчууд Польш, Мориавиас Грозенков, Яблонийн уулын хөтлөөр дамжин тухайн үед мажарын хэсэг байсан Словакид цөмрөн орж, газар нутгийг нь бусниулав. Уулархаг бүс нутагт байрласан Банска Штявници, Крупина, Пуканец хотуудын дорвитой эсэргүүцэл үзүүлж чадалгүй тал газрын цэргүүдийн гарт орсон байна. Тэрхүү анги 1241 оны 12-р сар болтол Словакийг түйвээгээд, Бат хааны цэрэгтэй нэгджээ. Монголчууд Словакийн зарим нутагт өөрсдийн томилсон бавил хэмээх түшмэдийн тусламжтайгаар жил тойрон ноёрхсон бөгөөд Земплин, Абов, Турна, Гемер зэрэг муж харийн талхийнгол ачааг үүрсэн аж. Гэхдээ Словакчууд Братислав, Нитра, Комарно (Коморн), Тренчин, Бецков зэрэг томоохон хотоо хамгаалан үлдэж чаджээ. Легниц дахь тулалдаанд гарамгай ялалт байгуулсан монголын цэргийн анги Бат хаантай нэгдэхээр Зүүн Чехи, Морави руу хөдөлжээ. Замдаа тэд Оломоуц цайз-хотыг бүслэн хаасан байна. 1241 оны 6-р сарын 24-ны шөнө дөлөөр Чехийн жанжин, Стернберг хотын иргэн Ярославаар удирдуулсан цэрэг Оломоуцаас сэм гарч, монголчуудыг гэнэдүүлэн довтолж, тэдэнд хохирол учруулжээ. Чехүүд үүнийг тэр дор нь гарамгай ялалт хэмээн зарласан юм. Арга ч үгүй юм. Ард түмнийг зоригжуулах жишээ хэрэгтэй шүү дээ. Харин тэрхүү жишээ нь үнэн, худал нь хэнд ч падгүй. Түүхийн ихэнх бичиг баримт Олмоуц дахь монголчуудын ялагдал гэгчийг ихэд дэвэргэн бичдэг. Бүр Байдар ханыг алагдсан гэдэг. Энд бид нэг зүйлийг санах хэрэгтэй. Бүтэн зуун үргэлжилсэн байлдан дагууллынхаа явцад монголчууд бүслэн хаасан хотынхоо дэргэд нэг ч удаа ялагдал амсаж байгаагүй. Энэ бол бүслэн хаах ажиллагааг монголчууд дайны бүхийд хууль журмын дагуу гүйцэтгэдэг байсны ач гавъяа юм. Бүслэгдсэн хотоос гарч монголчууд руу довтлох нь юугаар дуусдагийг бид мэднэ. Ярослав Оломоуцаас гарч монголчуудтай зэвсэг зөрүүлчихээд эсэн мэнд эргэж ирснээ ялснаас өөрцгүй хэмээн үзсэн байж магадгүй. Ярослав воеводын довтолгон амжилттай болж, монголчууд хохирол амссан байхыг ч үгүйсгэхгүй. Гэхдээ л Легницийн тулалдаанд дайснаа бут ниргэсэн хоёр түмтийг нэг хотод байсан цэргүүд гарч ирж довтлоод хиар цохиж, тэгэх тэгэхдээ Байдар ханыг ална гэдэг бол ялагдсан ард түмнээс гарах хорслын нэг илрэл гэж үзэхээс өөр аргагүй. Оломоуц дахь тулалдааныг «Эрх чөлөө, тусгаар тогтнолынхлл төлөө тэмцсэн ард түмний баатарлаг тэмцлийн тухай домог»-ийн нэг хэсэн гэж үздэг түүхчид ч бий. Монголчуудын түрэмгийлийг тусгайлан судалсан Чехийн эрдэмтэн В.Новотны Оломоуц дахь тулалдаан гэгч түүхэн үнэнд нийцэхгүй домог төдий зүйл гэсэн дүгнэлт гаргасан байдгыг харгалзан үзэх хэрэгтэй.
Баатарлаг тэмцэл, ялалт байхгүй үед ард түмэн, дайчдынхаа урам зоригийг бадраах зорилгоор хий хоосон гавъяаг зохиомлоор гаргаж ирдэг явдал хүн төрөлхтөний түүхэнд цөөнгүй. 2003 онд Иракийн дайны үеэр иракчуудтай байлдахад баатарлаг гавъяа байгуулсан гэх хэд хэдэн цэргийг тойрсон домгийг АНУ-ын зэвсэгт хүчний удирдлага зохиомлоор гаргаж ирснийг Америкийн өөрсдийнх нь сэтгүүлчид илрүүлж, буруушааж байсан билээ.
1241 оны 10-р сарын 6-ны ням гаригт нар хиртэхийг сүсэгтэн олон Европ даяар харсан байна. Ариун өдөр хэмээгддэг ням гаригт нар хэсэгхэн хугацаанд алга болохыг ажигласан европчууд энэ бол муу ёр, бид бүгд татаруудын боол болох нь гэж айж балмагдав. Бордогийн их хамба лам монголчууд бол «тамаас гарсан хүний махан хүнстнүүд. Тэд байлдаанд амь үрэгдсэн бүх хүмүүсийг идэж, зөвхөн ясыг нь үлдээдэг. Тас шувуу хүртэл хүний сэгийг ингэж иддэггүй» гэсэн нь сүсэгтэн олны зоригыг улам ч мохоожээ. 1241 оны сүүлээр дун өвлийн цагаар Бат хаан нэг ангиа бордоо бэлтгэх, тагнах үндсэн хоёр үүрэгтэйгээр Австри луу илгээсэн байна. Эл жижиг анги юунаас ч эмээлгүй давшин Венагийн ойрмогхон ирээд байхдаа австричуудтай зэвсэн зөрүүлсэн байна. Австричууд хүн хүчээр түрж, монголчуудыг элдэн хөөсөн бөгөөд Венаас 40-өөд км-ын зайд орших Нейштадт хотын орчим найман хүн олзолжээ. Хамгийн гайхалтай нь тэдгээрийн нэг нь англи хүн байв. Энэ тухай Ж.Мэн тодорхой өгүүлсэн нь бий.

No comments:

Post a Comment