Wednesday, October 6, 2010

хүннү гүрэн

Хүннү гүрэн (МЭӨ 209-МЭ 93 он) нь Монгол нутаг дахь анхны төр улс юм. Аймгийн холбоо, цэргийн ардчиллын шатанд байсан хүннү нарын 24 аймгийг Түмэн шаньюй захирч байсан бөгөөд МЭӨ 209 онд түүний хүү Модун эцгээ егүүтгэж, шаньюйн мэдлийг өөртөө авч төр улсаа байгуулсан байна. Энэ тухай Түмэн шаньюй ахмад хүү Модунг байсаар байтал бага яньжчийн эрхэнд орж хаан ширээг түүний хүүд өгсүгэй гэсэнд Модун хилэгнэж эцэг Түмэн ба бага яньжчийг хүүгийн нь хамт алж өөрөө хаан суусан гэдэг домог байдаг.
Хүннү гүрэн (МЭӨ 209-МЭ 93 он) нь Монгол нутаг дахь анхны төр улс юм. Аймгийн холбоо, цэргийн ардчиллын шатанд байсан хүннү нарын 24 аймгийг Түмэн шаньюй захирч байсан бөгөөд МЭӨ 209 онд түүний хүү Модун эцгээ егүүтгэж, шаньюйн мэдлийг өөртөө авч төр улсаа байгуулсан байна. Энэ тухай Түмэн шаньюй ахмад хүү Модунг байсаар байтал бага яньжчийн эрхэнд орж хаан ширээг түүний хүүд өгсүгэй гэсэнд Модун хилэгнэж эцэг Түмэн ба бага яньжчийг хүүгийн нь хамт алж өөрөө хаан суусан гэдэг домог байдаг. Модун хүннүгийн шаньюй болсны дараа зүүн талаар мутаглаж байсан дун ху аймгийн газар нутаг, хүн ам, мал хөрөнгийг нь эзлэн авч, улмаар баруун зүгийн юйвэйди аймаг болон өмнө зүгийн Ордосоор нутагласан аймгуудыг эзлэн Хятадын Цинь (МЭӨ 221-207) улсын үед алдсан газраа эргүүлэн авсан байна. Ийнхүү Модун шаньюйн үед өмнө зүг хятадын тумэн газрын цагаан хэрэм, умар зүг Байгаль нуур, баруун зүг Алтайн цаад тал, зүүн зүгт Ляо голын эхэн газар хүртэлх нутгийг хамарсан Хүннү гүрэн байгуулагджээ. Модун шаньюй өөрийн улсыг газар нутгаар нь баруун, зүүн гар, төв хэсэг гэсэн гурван үндсэн хэсэгт хуваасан байна. Гар тус бүр нь цэрэг засаг захиргааны зохион байгуулалт болох түмт, мянгат, зуут, аравтад хуваагддаг байв. Энэ нь аймгийн бүх эрсийг байнгын цэрэг болгох боломж олгож байв. Монгол хятад, перс сурвалж бичгийн мэдээгээр бол энэхүү аравтын систем нь Хүннү улсаас эхлэн Их Монгол улсын үед монголчуудын төрийн зохион байгуулалтын зонхилох хэлбэр болж байжээ. Энэ нь нүүдэлчин овог аймгуудыг төрийн зохион байгуулалтад оруулах хамгийн зохистой сонгодог хэлбэр байсан бололтой.
Хүннүгийн хааныг шаньюй гэдэг байв. Энэхүү шаньюй гэдэг үгийн утгын талаар янз бүрийн санал байдаг бөгөөд нэг хэсэг нь “сайн хүн” гэсэн монгол үг бөгөөд хятадын сударчид хазгай хэлцгээж байснаас гуйвсан бололтой гэж үздэг. Сайн хүн хэмээх ойлголтын улбаа мөр нь өнөөдрийн сайд гэгдэх албан тушаалын нэр бөгөөд утгын хувьд ч дүйж байна гэдэг. Шаньюйн ордон нь Архангай аймгийн Хөшөө Цайдам орчим байжээ. Хүннү нар шаньюйгаа чэнли гуту буюу тэнгэрийн хөвүүн гэж нэрлэх болсон нь түүнийг тэнгэрээс заяат хаан мөн хэмээн өргөмжлөх болсонтой холбоотой юм. Шаньюй нь ордондоо түшмэдийн чуулганаар төрийн хэргийг удирдан хэлэлцэх зэрэг улсын дотоод бодлого, мөн Хятадын хаантай захидлаар харилцах, гэрээ хэлэлцээр байгуулах, гадаад орны элчин төлөөлөгчийг хүлээн авах, харь улсад дайн зарлах зэрэг гадаад бодлогын асуудлыг бүрэн шийдвэрлэх эрхтэй байв. Мөн төрийн дээд эзний хувьд түмтийн дарга зэрэг том тушаалтныг томилох, огцруулах, шийтгэх тэр ч байтугай алах эрхтэй байжээ. Шаньюй бүрэн эрхт төрийн билигдэл болох тамга, исэр, шүхэр, тугтай байв. Умард хүннүгийн шаньюйд МЭ90 онд төрийн хаш тамга байжээ.
Хүннү улс зүүн, баруун гар, төв хэсэг гэж хуваагдах болохоор албан тушаал нь мөн хоёр янз байв. Үүнд зүүн баруун сэцэн ван, зүүн баруун гули ван, зүүн баруун их жанжин, зүүн баруун их дувэй, зүүн баруун гарын түмт, мянгат, зуут, аравтын дарга нар гэсэн тушаалтан байжээ. Мөн динлин, дунху, хуцзе зэрэг эзлэгдсэн орныг захирах динлин ван, дунху ван, хуцзе ван гэх тушаалтан байсан байна.
Хүннүгийн хэл хуур (Төв аймаг, Алтанбулаг сум, Морин толгой)
Хүннүгийн хэл хуур (Төв аймаг, Алтанбулаг сум, Морин толгой)
Хүннү улсын үед газрыг улсын үндэс гэж үздэг байжээ. МЭӨ 198 оны Хүннү, Хан улсын гэрээгээр хоёр улсын хил Цагаан хэрмээр тогтоогдсон ба хил хариуцсан Оуто ван гэгч тушаалтан байсан, шаньюй түмтийн дарга зэрэг томоохон тушаалтанд хувь газар өгөх, буцаан хураан авах эрхтэй байсан зэрэг нь газар улсын мэдэлд байсны гэрч юм.Хүннү улс эзэлсэн улс орноос алба авдаг байв. МЭӨ 198 оны Хүннү Хан улсын гэрээгээр Хан улс жил бүр Хүннүд тогтоосон хэмжээний торго, бөсөөр, МЭӨ I зууны үед Ухуаньчууд жил бүр үхэр, адуу, хонь, арьс ширээр, мөн дундад азийн орнууд тариа будаа, гар урлалын зүйлээр алба барьдаг байв. Хүннү улс хэв хуультай байв. Энэ талаар хятадын сурвалж бичиг “Ши-зи”-д (Түүхийн тэмдэглэл) “Тэдний баримталдаг хуулиар ирт үзүүртийг гаргавал цаазаар аваачна, хулгайн ялтай хүний гэр бүлийг хураана, хөнгөн хэрэгтнийг бэрээднэ, хүндийг цаазаар авна. Арав хоногоос илүү хугацаагаар хорихгүй, улс даяар хоригдол хүн хэдхэнээс хэтрэхгүй” гэж тэмдэглэсэн байдаг. Хан улсын түүхчийн мэдээгээр Хүннүд 5 хүнд 1 цэрэг ногдож байжээ. Хүннү цэрэг дуудсан цагт татлагын газар хүрч ирэх өстой. Хэрэв хожимдвол цаазаар авахуулдаг хатуу шийтгэлтэй байв. Хүннүгийн цэрэг улсын нэгдсэн хүчний зохион байгуулалттай байв. Үүний гэрч бол Модун шаньюй Хан улсын Гаоди хааныг Пинчэн (одоогийн Датун хот орчим) хотод 400 000 морьт цэргээр бүсэлжээ. Үүнд өрнө этгээдэд цагаан морьтой, дорнодод халзан морьтой, умардад хар морьтой, өмнөдөд саарал морьтой цэргүүд байжээ. “Ши цзи”-д хүннү нарын зэвсгийн талаар “…алсын тусгалтайгаас нум сум, ойрынхоос илд, төмөр бариултай жад байдаг” гэж байдаг байна. Хүннүгийн цэргийн зэвсэгт нум онцгой үүрэгтэй байжээ. Хүннү нум ерөнхийдөө шулуувтар эвэр гичиртэй, мөрөөрөө тэнэгэр матаастай, 140 см хүртэл урт байжээ. 100-140 см урт давхар зүймэл нум нь хүчтэй, алсын тусгал сайтай байв. Мөн хүрэл муна, дуут сум ашигладаг байжээ. Дуут сумыг дайсныг сүрдүүлэх тактикийн зорилгоор ашиглаж байв. Хүннү цэрэг төмөр бамбай, хуягтай харин морьд хуяггүй байжээ. Хүннү нар ухарсан дүр үзүүлэн дайсны цэргийг бүслэн цохих, эмээлээ овоолон хамгаалалт хийх зэрэг байлдах арга хэрэглэдэг байв.
Хүннү нарын үндсэн шашин нь бөө мөргөл байв. Хүннү нар цагаан cap, тав, есдүгээр сард өвгөд, тэнгэр, дэлхий, онгон шүтээндээ тахилга үйлддэг, шаньюй өглөө ургах наранд орой саранд мөргөдөг, хүннү бөө хойллого хийдэг байжээ. Ноён уулын VI булшнаас олдсон бөөгийн малгай нь саравчийг нь булганы арьсаар бүрж дунд нь хоёр гурвалжин онгорхой үлдээж түүний дунд улаан хүрэн ноосон утсаар цагираглан оёж хийсэн нүдтэй байжээ. Бөөгийн шашны зэрэгцээ бурхны шашин тодорхой хэмжээгээр дэлгэрч байсан бололтой. Хүннү улс төв азийн хүчирхэг улс байсны хувьд бурхны шашинтай олон улстай өргөн дэлгэр харилцаатай байв. Мөн МЭӨ 121 онд хятадын жанжин Хөх нуур, Ганьсу орчим байсан хүннүгийн сюту ванг довтлон түүний шүтдэг гурван метр гаруй өндөр бурхны алтан хөргийг олзлон аваачсан тухай мэдээ байдаг.
Хятадын сурвалж бичигт хүннү нарын бичгийн талаар “Тэдэнд ёс журмын ном байхгүй боловч яс сийлэн модоор ороон олон түшмэл тэмдэглэлцэх бөгөөд эзэн түшмэд, дээд дорд хэрэглэлцэнэ” гэж байдаг байна. Хүннү нар хятадын хаанд захидал илгээсэн, гувчуур авах бүртгэл хөтөлдөг, газрын зурагтай байсан зэрэг мэдээ байдгаас үзэхэд хүннү нар бичигтэй байсан бололтой. Чухам ямар бичиг байсан талаар мод хэрчин тэмдэглэдэг нэгэн төрлийн бичиг байсан байх гэж үздэг. Энэ нь гэр ахуйн хэрэгсэл дээр байгаа элдэв төрлийн тамга тэмдгийн зүйл болно.
Хүннү нар амьтны мөчлөгийн 12 жилийн он тоолол хэрэглэж байжээ. Тухайлбал хүннү нар нохой, могой өдрийг эрхэмлэдэг байсан тухай мэдээ бий. Хүннү нар дуу хөгжимтэй байсан нь Хүннүд олзлогдсон хятад элч МЭӨ 80 хэдэн онд бичихдээ “…оройдоо хүннүгийн цуур хангиналдан адуу, үхэр янцгаан мөөрөлдөхөд нойр хүрэхгүй байв” гэснээс тодорхой юм. Мөн МЭӨ 121 онд Цилянь, Яньжчи уулаа хятадад түр алдаад:
“Цилянь уулаа алдаад
Зургаан хошуу мал минь өсөхөө болилоо
Яньжчи уулаа алдаад
Авгай нар минь оо энгэсэггүй боллоо” гэж дуулдаг байжээ.
Ямааны усны бүхээгтэй морин цэрэг (Ховд аймаг, Үенч сум)
Ямааны усны бүхээгтэй морин цэрэг (Ховд аймаг, Үенч сум)
Хүннүгийн дуу хөгжмийн тухай өөр нэг мэдээ бол уртын дууны үүслийн тухай домог юм. Хүннү нар цуур. лимбэ, хуур зэрэг хөгжим тоглон дуу дуулан наргидаг байжээ. Хүннү нарын зан заншлын талаар “Ши Цзи”-д “…хүн оршуулахдаа гадаад дотоод бунханд хийж үнэт эд, хувцас хэрэглүүлэн хайртай зарц, татвар эмсийг дагалдуулан оршуулдаг, шороо овоолон доволдоггүй, мод суулгадаггүй, бэлэвсэрлийн хувцас өмсдөггүй” гэж байдаг. Хүннү нар зүүн зүг, зүүн талыг эрхэмлэдэг, авгай нар нь гүргэмийн будгаар оо энгэсэг тавьдаг байжээ. Хятадын сурвалж бичиг дэхь хүннү нар үсээ биеэ дагуулан тавьдаг, алх шиг боодог гэсэн мэдээ болон Ноён уулын булшнаас гэзэг гарсанаас үзэхэд хүннү нар тав гэзэг тавьдаг байсан бололтой. Зээгт наамал, хатгамал, цутгамал хүрэл цоолбор ялтас, алт мөнгөн чимэглэл, мод, ясан эвэр сийлбэр, зураг зэрэг урлалын зүйлийг хүрэл, алт, мөнгө, мод, яс, бөс бараа, шавран занар, хаш зэрэг материалаар хийдэг байжээ. Хүннүгийн урлагийн өвөрмөц сайхан бүтээлд Ноён уулын булшнаас гарсан хоёр модны хооронд зогсож буй сарлагийн дүрстэй гөрмөл хүрээтэй мөнгөн хөөмөл ялтас, бугын дүрстэй мөнгөн хөөмөл ялтас, үхрийн толгойн дүрс бүхий үрлэн хээгээр чимсэн алтан хөөмөл, хэвтэж буй жигүүрт морины алтан дүрс, зээгт хатгамалт эсгий ширдэг зэрэг олон зүйл багтана.
Хүннү нарын үндсэн аж ахуй нь мал аж ахуй байжээ. Ши цзи-д “Тэдний малын олонхи нь адуу, үхэр, хонь, ямаа юм. Тэд өвс ус эрэн нэг нутгаас нөгөөд нүүдэг. Этгээд мал гэвэл тэмээ, илжиг, луус, куайти, таоту, таньси юм. Тэд тайван цагт мал маллахын зэрэгцээгээр араатан жигүүртэн агнаж амьжиргаандаа нэмэрлэдэг заншилтай.” гэж дурьдсан байдаг. Нүүдэлчид адууг хөллөгөө, ачилга, зугаа, уналганд ашиглахаас гадна мах, сүү, хялгас, шир мэт түүхий эд өгдөг учраас тэргүүн зэргийн мал болж байв. Ялангуяа уналганы адууг эрхэмлэж хурдан сайн морьдыг өсгөн үржүүлдэг байжээ. Хятадын сурвалж бичигт хүннүг довтлон олон мянган хонь дээрэмдсэн тухай мэдээ байдаг. Ямааны яс хүннү булшнаас олдсон болон ямааны тухай сурвалж бичигт дурдсан нь хүннү нар ямаатай байсан болохыг гэрчилдэг. Хятадын сурвалж бичигт хүннү нараас дээрэмдсэн малын олонхи нь үхэр, хонь байдаг гэж дурдсанаас үзэхэд үхэр олонтой байжээ. МЭӨ 265 онд нүүдэлчид тэмээтэй байсан мэдээ байдаг бөгөөд хүннү нар тэмээний уралдаан хийж байсан гэдэг. Сүргийн бүрэлдэхүүний хувьд хамгийн олон нь хонь дараа нь адуу, үхэр бараг адил хамгийн цөөн нь тэмээ байв.
Мал аж ахуйн дараа орох аж ахуйн нэг төрөл ан агнуур байжээ. Хүннү нар ан авлахдаа ганцаарчилсан байдлаар болон олноор ав хомрого хийдэг байв. Тухайлбал МЭӨ 160 онд Модун шаньюй 100 000 морьт цэрэгтэй их ав хийж байсан байна.
МЭӨ119 онд Чжаосинь сууринд хятадын цэргүүд хүннүгийн нөөц будаагаар хооллоод үлдсэний нь шатаав, МЭӨ 100 ондхятадын элч Су-У-г будааны нүхэн зооринд хорьж байв, МЭӨ 80 онд хүннүгийн будаа тариа боловсорсонгүй г.м мэдээнээс үзэхэд хүннү нар тариалан эрхэлж байжээ. Мөн хүннү булшнаас хар будааны үр, тариа хадгалдаг шавар ваар сав, төмөр анжисны хошуу, зээтүү зэрэг археологийн олдвор олдсон нь давхар гэрчилж байгаа юм. Энэхүү хүннүгийн тариалан Орхон, Хэрлэн зэрэг том гол мөрний хөндийгөөр байжээ. Цагаан идээ боловсруулах, малын ноос арьс ширээр эсгий хувцас, мал аж ахуйн тоног хэрэгслийг өөрсдөө гэр зуураа хийдэг байсан ба харин эмээл, тэрэг зэрэг томоохон тоног хэрэгсэл, алт мөнгөн гоёлын зүйлсийг тусгай мэргэжлийн хүмүүс захиалгаар буюу худалдахаар хийдэг болжээ. Хүннүгийн төр өмнөд хөрштэйгээ худалдаа арилжааны өргөн харилцаатай байжээ. Малын ноос хөөвөр, арьс, ангийн үсээр даавуу даалимба, торго хоргой, гурил будаа, үнэртэн амттан, төмөр эдлэл зэрэг хэрэгцээт зүйлээ арилжин авч байжээ. Худалдаа наймааны харилцаа нь хятадын зүгээс үе үе тавьж байсан хоригоос шалтгаалан хэвийн байдал нь алдагдаж улмаар тэд өмнөд хөршдөө уулгалан довтлох замаар хэрэгцээт зүйлсээ олж аваx явдал байжээ. Нүүдэлчдийн хувьд тухайн цаг үедээ хэрэгцээт зүйлсээ өөрсдөө хийж сурах гэж байхын оронд булаагаад авчих нь хялбар байсан гэдэг нь үнэний хувьтай. Иимээс ч хятадууд МЭӨ 216 онд Түмэн газрын цагаан хэрмийг бариулж эхэлсэн түүхтэй юм. Энэ нь:
1. Газрыг шүтэн тариа будаагаар амь зуудаг өмнө газрынхан, мал аж ахуй, ан гөрөөгөөр амь зуудаг умард газрын нүүдэлчдийн нутгын заагийг тогтоосон буурал түүхийн гэрч юм.
2. 500 км урт, 5 м ергөн, 8 м өндер Цагаан хэрэм хэмээх тэрхүү дэлхийн гайхамшгийн нэгийг бидний өвөг дээдэс бүтээлгэсэн гэж үзэж болох мэт.
Хүннү улс Төв азийн хүчирхэг гүрэн байсан юм. Хан улсын эзэн хаан Гаоди Пинчэн хотод хүннүд бүслэгдэн МЭӨ 198 онд Лю Цзинг элчээр илгээн Модун шаньюйтай гэрээ байгуулж Хүннү улсыг Төв азийн хүчирхэг улс гэдгийг хүлээн зөвшөөрч алба барихаар тогтжээ. Уг гэрээг зарим үед лавшруулан баталж 200 гаруй жил баримталсан байна. Хан улсын хаан Сяо Вэньди МЭӨ 182 онд Лаошан шаньюйд илгээсэн захидалдаа: “…Цагаан хэрмээс хойшхи нум сум агсагчдын улс нь шаньюйн зарлиг дагаж, цагаан хэрэмнээс урагшхи тушмэдийн дээл малгай өмсөгчид харин надад захирагдана…Хан улс Хүннү улс хоёр бол мөр зэрэгцэх хүчирхэг хөрш улсууд юм” гэжээ. Хүннү улс МЭ 48 онд өмнөд, умард хоёр хэсэг болон хуваагджээ. Гэвч умард, өмнөд хүннү хоёр улсын байдалтайгаар МЭ 93 он хүртэл оршин тогтносоор байжээ. Умард хүннүг хятадын турхиралтаар өмнөд хүннү, сянби, ухуань нар үргэлж довтолж байсны улмаас МЭ 93 онд ихэд ялагдан бум гаруй өрх сяньби нартай нэгдэн өөрсдийгөө тийн нэрлэх болжээ. Умард хүннүгийн нэг хэсэг алс өрнө зүг зайлан нүүсэн бөгөөд МЭ IV зууны сүүлчээр Баламбер хаанаар толгойлуулан Каспий, Хар тэнгис хүрч сармат, алан нарын олон аймгийг өөртөө нэгтгэн V зууны эхээр Месопотами, Бага азид довтлон улмаар төв европт нэвтрэн иржээ. Тэд Аттилла (МЭ445-453) хааны үед маш хүчирхэгжсэн байна. Харин өмнөд хүннү нар нэг хэсэг цагаан хэрмийн араар бие даасан хүч болон оршсоор байжээ.

No comments:

Post a Comment